Японы судалгааны станц саран дээр хамраараа буусныг тогтоожээ

Өнгөрсөн долоо хоногийн Бямба гарагт Япон улс судалгааны станцаа сарны гадаргуу дээр амжилттай буулгасан билээ.

Гэвч буусны дараа эрчим хүчний систем нь хэвийн ажиллахгүй байгаагаас станц батарейгаараа ажиллаж эхэлснийг тухайн үед тус улсын сансар судлалын төв байгууллага JAXA мэдээлж байв.

Тэгвэл Slim (Smart Lander for Investigating Moon) нэртэй уг станцын анхны гэрэл зураг ирснээр яагаад эрчим хүчний системд асуудал гарсан нь тодорхой болжээ.

Тухайлбал станц төлөвлөсөн байрлалаасаа 90 хэмээр хазайж, хамраараа сарны гадаргуу дээр буусан нь тодорхой болсон байна.

Гэрэл зургийг Slim станцыг буухаас өмнөхөн салсан Sora-Q нэртэй бэйсболын бөмбөгний хэмжээтэй робот авч, дэлхий рүү илгээжээ. Уг робот нь Slim-ээс хамааралгүй ажиллаж, станцыг хөндлөнгөөс ажиглах үүрэгтэй юм.

“Үндсэн хөдөлгүүрийн хэвийн бус ажиллагаа станцын буух байрлалд нөлөөлсөн байна” гэж JAXA тайлбарласан байна.

Өөрөөр хэлбэл Slim станцын хоёр хөдөлгүүрийн нэг нь ажиллаагүйгээс станцын байрлал өөрчлөгджээ.

Slim станцыг саран дээр бууснаас нь хойш гурван цагийн дараа “унтах” горимд шилжүүлсэн юм. Учир нь станц нарнаас эрчим хүч авч чадахгүй байсан тул батарейн цэнэг нь хурдтай багасаж байжээ.

Буухдаа хазгай байрласан станцын эрчим хүчний хавтангууд нарны зүгт харж чадахгүй байгаатай энэ нь холбоотой юм.

Нарны гэрлийн тусах өнцөг өөрчлөгдөх үед Slim станцын ажиллагаа сэргэнэ гэдэгт одоо JAXA найдаж байгаа гэнэ.

Станц сарны экваторын орчимд байрладаг Шиоли нэртэй тогоонд буусан юм.

Саран дээр судалгааны станцыг зөөлөн буулгах нь маш нарийн төвөгтэй ажил байдаг. Өнөөдрийг хүртэл гүйцэтгэсэн оролдлогуудын тал орчим нь л амжилттай болж байжээ.

Япон улс АНУ, Зөвлөлт, Хятад, Энэтхэгийн дараа дэлхийн дагуул дээр судалгааны станц амжилттай буулгасан тав дахь улс болсон юм.

Slim станц төлөвлөсөн газраасаа 100 метрийн зайд буусан нь харьцангуй өндөр нарийвчлалтайд тооцогдож байгаа.